Sunday, April 8, 2012

Алтан ганжуур” судрыг хурав.

  Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс “Алтан ганжуур” судрыг “Хөм сервис”-ээс хүсэлт тавьсны дагуу Гандантэгчинлин хийдийн Гунгаачойлин дацан, Дэчингалба дацан, Дашчойнпил дацангийн 60-аад лам 3 өдрийн турш нэг бүрчлэн уншиж хурлаа. Гандантэгчинлин хийдэд уг номыг 10 мянган төгрөгөөр уншдаг агаад тус номын санд хурсан хурлыг сонирхсон хүмүүс мянган төгрөгөөр өргөмжлөл аван орсон бөгөөд сүсэгтэн олны мөнгө тус номын сан дахь “Данжуур”-ын хөшөөг сэргээн засварлахад зориулагдах юм.
  Монголд “Алтан ганжуур судар” нь Гандантэгчинлин хийд болон Үндэсний номын санд хадгалагдаж байна. Гандантэгчинлин хийдэд буй “Алтан ганжуур”-ыг лам нар жилийн турш хурдаг байна.
  Судар номууд 101, 106, 108, 113 гэсэн ботьтой байдаг. Харин “Алтан ганжуур бол 101 боть бөгөөд 1920-иод оны үед Түшээт хан аймгийн Балдан засгийн хошууны хийдээс Судар бичгийн хүрээлэнд авчирч, улмаар Үндэсний номын санд шилжүүлжээ. Лам нарын айлдах “Алтан ганжуур” нь алтаар бичсэн гар бичмэл агаад түвдийн гурван аймгийн 10 ухааны ном гэж үздэг. Тус номын сангийн алтан сан хөмрөгт 80-аад жил дараастай байсан эл судрыг ганц нэг удаа эрдэмтэн, судлаачид сөхөж  байсныг эс тооцвол салхи оруулаагүй өдий хүрчээ.
  Уг судрыг уншсанаар нийгмийн хямрал арилж, номын буян арвижих бөгөөд “Ганжуур” гэдэг нь онол тайлбарын орчуулга гэсэн үг аж.

No comments:

Post a Comment