Номын сангийн танилцуулга

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдээллийн нэгдсэн сан

       Манайд 1975 оноос хойш Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдсэн 2499 эрдэм шинжилгээний ажлын тайлан, Эрдэмтдийн Ph.D болон Sc.D-ын зэрэг хамгаалсан 2500 гаруй диссертаци, автореферат, 4100 гаруй эрдэмтний нэгдсэн бүртгэл мэдээлэл, Монгол Улсад оновчтой саналын гэрчилгээ авсан бүтээл, 3500 гаруй ном, сонин, сэтгүүл, хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан Байгаль, Техник, Анагаах, Хөдөө аж ахуй, Нийгэм хүмүүнлэг гэсэн шинжлэх ухааны 5 салбараар төрөлжсөн “Диссертацийн бүртгэлийн сан”, “Эрдэм шинжилгээний ажлын тайлан”, “Оновчтой санал” нэртэйгээр гурван төрлийн дижитал мэдээллийн санг бүрдүүлэн үйлчилж байна.
“Диссертацийн бүртгэлийн сан” -гийн мэдээллийн үндсэн эх сурвалж нь тухайн эрдэмтний бөглөсөн “Эрдэмтэн” судалгааны асуулга ба эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл байдаг. Одоо тус санд нийт 4078 эрдэмтэн бүртгэгдээд байна.
“Эрдэм шинжилгээний ажлын тайлан” мэдээллийн сан нь 1975 оноос хойш Монгол улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжсэн эрдэм шинжилгээний бүх төсөлт ажлын тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ба тайланг бүрэн эхээр нь агуулах зорилготой бөгөөд мэдээллийн эх сурвалж нь уг төсөл хэрэгжиж дуусаад “Итгэмжлэн хадгалагч”-д хүлээлгэн өгсөн эрдэм шинжилгээний төсөлт ажлын тайлан байдаг.
“Оновчтой санал” 1961 оноос 1995 он хүртэлх хугацаанд Монгол улсад оновчтой саналын гэрчилгээ авсан бүтээлүүдийн тухай мэдээлэл, түүнийг бүрэн эхээр нь агуулах зорилготой бөгөөд мэдээллийн эх сурвалж нь манай мэдээллийн танхимд хадгалагдаж буй оновчтой саналууд болно. 1995 оноос хойш "Оновчтой санал"-ын гэрчилгээний бүртгэл "Оюуны өмчийн газар"-т албан ёсоор шилжсэн тул нэмж мэдээллийн сан бүрдүүлэх боломжгүй болсон болно.
Дотоодын эрдэмтдийн мэдээллийг электрон хэлбэрээр ашиглахаас гадна олон улсад нэр хүндтэй JSTOR, OARE, AGORA, HINARI зэрэг гадаадын эрдэм шинжилгээний электрон сангуудыг ашиглах эрхийг аваад байна. Энэхүү мэдээллийн сангууд нь монголын эрдэм мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хэвь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

No comments:

Post a Comment